Боловсролын байгууллагуудын багш нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, цаашилбал аймаг орон нутгийн боловсролын салбарт ахиц амжилт гаргах зорилготой аймгийн Засаг даргын нэрэмжит "Шилдэг багш" болзолт уралдаан зарлагдсан.
Уралдаан 9 дүгээр сарын 1-ээс эхлэн 3 үе шаттайгаар, 3 сарын турш үргэлжлэх бөгөөд 1 дүгээр нь шат нь 9 дүгээр сарын 30-нд дуусах байсан юм. Тэгвэл багш нарын боловсролын гүйцэтгэлийн үнэлгээ оройтож гарсантай холбогдуулан 1 дүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгалаа. Үүнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байгаа “Нийтлэг шаардлага”-ыг хангасан багш нар оролцох эрхтэй бөгөөд эхний шалгаруулалтыг тухайн сургууль, цэцэрлэг дээрээ явуулж, 10 дугаар сарын 20-нд БШУГ-т хүргүүлнэ.
2 дугаар шат 11 сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд 1 дүгээр шатнаас шалгарсан багш нар “Миний ажлын менежмент” сэдвээр илтгэл бэлтгэж оролцоно. 3 дугаар шатанд Улаанбаатар хотоос зөвлөх багш, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцсон баг мэргэжил ур чадварын шалгалт авч 12 дугаар сарын 20-ны дотор дүнгээ гаргана. Ингээд эхний 5 багшид 5,0-25,0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх юм.
Тиймээс багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэн энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, өөрийн ур чадвараа бодитоор үнэлүүлээрэй.
Эрдэм номын эх үндсийг заан сургаж, сурч мэдэхийн чухлыг таниулан замчилж буй багш сурган хүмүүжүүлэгч та бүхний гэгээн үйлсэд өрнүүн их амжилт хүсье.
2023-10-08 13:50:00