Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, орон нутгийн Онцгой байдлын байгууллагыг ажиллах нөхцөл, боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх ажлуудыг үе шаттай зохион байгуулж ажиллаж байна.
Онцгой байдлын хэлтсийн хэмжээнд туулах чадвар сайтай автомашины хүрэлцээ дутмаг байсан тул тус хэлтэст автомашин олгуулахаар сумын Засаг дарга Г.Адъяабилэгт ОБЕГ-ын даргад 2024.03.07-ны өдрийн 194 тоот албан бичгээр хүсэлт гаргасан. Үүний дагуу Засгийн газрын тогтоолоор Улсын нөөцөөс 2023 оны “Мицубиши L200” пикап загварын автомашин олгосныг Онцгой байдлын хэлтэст өнөөдөр гардуулан өглөө.
Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Зүүн бүсийн аймгуудаас шалгаран оролцож байгаа Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн таиирчин, алба хаагчдад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас 2.0 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл болон 500,000 мянган төгрөгийн дэмжлэгийг Дархан-Уул аймагт зохион байгуулагдах тэмцээнд нь амжилт хүсэн гардууллаа.
Сумын 2024 оны төсөвт туулах чадвар сайтай, тусгай тоноглогдсон ЗИЛ-131 автомашиныг худалдан авахаар сумын ИТХ-аар оруулан батлуулж, 59,5 сая төгрөгийн үнэ бүхий ЗИЛ-131 автомашиныг 05 дугаар сард хүлээлгэн өгсөн.
Цаашид эрэн хайх, аврах үйл ажиллагааны үед ажиллах Онцгой байдлын хэлтсийн техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шинэчлэлт, чадавхийг үе шаттай нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд тун удахгүй Сансарын хиймэл дагуулын хөдөлгөөнт интернэтийн “Старлинк” төхөөрөмж, үер усны ослын үед хүн ашиглах нэг бүрийн хамгаалах хэрэгсэл “Л1” болон “ОП” цувнуудыг хүлээлгэн өгөх юм.