Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нарын хүчин зүтгэл дэмжлэгээр энэ онд иж бүрэн Спорт цогцолборын барилгын ажил эхлэхээр болж байна.
Бор-Өндөр сумын ИТХ-ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу Сумын Засаг даргын 2022 оны 08-р сарын 15-ны өдрийн А/124 тоот Захирамжаар 11705 м.кв газрын асуудлыг “Уурхайчин” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хуучнаар Автодромын талбай байсан газрын орчимд шийдвэрлэж, аймгийн ЗДТГ нь “Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төвийн барилга”-ын зураг төсвийг “Зэдпрожект” ХХК-иар гүйцэтгүүлэн магадлалаар оруулж хянуулсан.
Тус барилга нь зоорийн 1 давхар, газраас дээш 2 давхар байхаар төлөвлөгдсөн.
Дотроо спорт заал, фитнесс, бассейн, биллиард, теннис, кофе шоп, видео тоглоомын өрөө, бүжгийн танхим, номын сан зэрэг олон зориулалтын танхимуудтай. Гадна талдаа хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, талбайн теннисний талбай, гүйлтийн талбай, амралтын талбайтай.
Гадна талдаа болон зоорийн давхартаа авто зогсоолтой иж бүрэн СПОРТ ЦОГЦОЛБОР болох юм. Барилгын ажлын төсөвт өртөг нь 13 тэрбум 191,8 сая төгрөг, үүнээс 2024 оны Улсын төсөвт эхний 3 тэрбум 957,5 сая төгрөгийн төсөв батлагдан одоогоор тендер шалгаруулалтын шатанд ажил нь явагдаж байна.