Бор-Өндөр сумынхаа иргэдийн санал хүсэлтийн дагуу АТҮТөвд хүсэлт гаргасны үр дүнд хот хоорондын нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг АТҮТөвтэй гэрээ байгуулсан. Даатгалтай, баталгаатай, ая тухтай, батлагдсан цагийн хуваарь, хурдны хязгаарт багтаан үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм транс” ХХК-ний зорчигч тээврийн автобусыг 2023.11.25-ны өдрөөс эхлэн туршилтын журмаар үйлчилгээнд явуулж эхэлсэн бөгөөд энэ талаар мэдээ мэдээллийг иргэддээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэсэн билээ. Энэхүү автобус нь нэг чиглэлд 50 хүртэл тооны зорчигч тээвэрлэх суудалтай, ирж буцахдаа 1 /нэг/ сая орчим төгрөгийн зардал гаргадаг юм байна.
Тус сумын ЗДТГ, Аймгийн Авто тээврийн газар, Бор-Өндөр сумын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий алба хаагчид нь гэрээний бус буюу хувиараа хот хоорондын такси үйлчилгээ эрхэлдэг 40 орчим иргэдтэй уулзалт зохион байгуулж, үндэслэлгүйгээр үнээ 35,000 төгрөг болгосноо бууруулах, нийтийн тээврийн автобус явж буй тохиолдолд чиглэлийн хөдөлгөөн эхлэхээс өмнө зар тавьж зорчигч нарыг нь булааж авахгүй байх талаар анхааруулж, энэ зөрчил гаргасан үед хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан билээ. Эхний удаад Улаанбаатар - Бор-Өндөр чиглэлд 4, Бор-Өндөр - Улаанбаатар чиглэлд 4 зорчигч л үйлчлүүллээ. Тус компаний зүгээс алдагдалтай ажиллах боломжгүй гэдгээ орон нутгийн удирдлагуудад мэдэгдсэн. Иймд иргэдээ баталгаатай, даатгалтай, гэрээтэй, ая тухтай, аюулгүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг УРИАЛЖ байна. Мөн орон нутгийн зүгээс анхааруулсаар байтал зар тавин гэрээний бус тээвэр хийсэн иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье.