АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ: БИДНИЙ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ МАНАЙ АЙМАГТ САЛБАР ҮЙЛДВЭРҮҮДЭЭ НЭЭЖ, ОРОН НУТАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

"Invest Khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав чуулганыг хааж үг хэллээ.

Тэрбээр "Invest Khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон эрхэм хөрөнгө оруулагчид, хүндэт зочид та бүхэндээ баярлалаа.

Бид өнөөдөр манай аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарууд болох аялал жуулчлал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах түвшний сайд, дарга нар, томоохон хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран тал бүрээс нь хэлэлцэж, асуудлаа ярилцаж, шийдэл гарцаа тодорхойллоо.

Мөн өнөөдрийн чуулганы үеэр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжлүүлэх, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, сургалт судалгааны чиглэлээр нийт 8 санамж бичиг байгуулж, албажууллаа.

Үүнд: Ноолуурын түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагыг 100 хувь эх орондоо үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж буй манай Улсын тэргүүлэх компани болох “Говь” ХК анхны орон нутаг дахь салбар үйлдвэрээ албан ёсоор манай аймагт нээж 30 гаруй иргэдийг ажлын байраар хангалаа. Цаашид 100-120 хүнийг ажиллуулах хүчин чадалтай анхны үйлдвэрээ бид өнөөдөр нээсэн түүхэн өдөр боллоо.

Мөн Хэрлэн сумын Өлзийт тосгонд Хөдөө аж ахуйн цогцолбор парк төслийг хэрэгжүүлж байгаа “М-Агро” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү компани нь аймаг орон нутгийн 30 гаруй иргэнийг ажлын байртай болгож, малчдаас зах зээлийн үнээс өндөр үнээр мал мах худалдан авч эргэлтэд оруулдгаараа давхар ач холбогдолтой. Цаашид 200 иргэнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн дотоод, гадаадын жуулчдад зориулсан зочид буудал, зоогийн газрын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэх, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулах зорилгоор байгаль орчинд ээлтэй, эко жуулчны баазыг олон улсын стандартын түвшинд байгуулахад “Исун мод тур” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.

Мөн үүрэн холбооны тэргүүлэх компани болох G-MOBILE компани манай аймагт үүрэн холбооны дуудлага хүлээн авах төвөө нээж эхний ээлжинд 15-20 хүнийг ажлын байраар хангалаа.

1300 айлын жишиг хорооллын эхлэлийг тавьж Эм Си Эс Си компанитай 250 орон сууц барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон бол Хаан банкнаас 20 өрхийг ипотекийн зээлд хамруулахаар боллоо.

ШУТИС-тай аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, Хөдөө аж ахуйн сургуультай хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.

Бидний санал санаачилгыг хүлээн авч манай аймагт салбар үйлдвэрүүдээ нээж, орон нутагт хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

Мөн энэхүү чуулганаас мэдээлэл авч манай аймагт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа иргэд, ААН та бүхэнд Хэнтий аймаг маань үргэлж нээлттэй байх болно гэдэг дахин хэлмээр байна" гэлээ.

2023-11-06 15:05:00