Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулж Улс, Бүс, Орон нутгийн хөгжлийг хурдасгахад талуудын хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлж, санамж бичигт тусгасан асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн жишигт нийцүүлэн үр дүнтэй, хамтран ажиллах зорилготой юм.
Талууд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Зүүн бүсэд кокс, химийн бүтээгдэхүүн болон нүүрс-эрчим хүчний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөгөөний дагуу “Бор-Өндөр ҮТП” төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулахад хамтран, харилцан дэмжлэг үзүүлж ажиллана.
Түүнчлэн Үйлдвэрлэл технологийн паркад нэн шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах зорилгоор өсвөр үеийнхэнд зориулсан “Ирээдүйн инженер” арга хэмжээг хамтран орон нутагт хэрэгжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нарыг тус паркад давуу нөхцөлтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний 50-иас доошгүй хувийг орон нутгаас хангах, шинжлэх ухаан, инновацын төв байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, байгаль орчныг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тусгажээ.