ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ААН, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ, АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО.

Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 04 сарын 11-ний А/194 дугаартай захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН-үүдийн үйлчлэх цагийн хуваарийг шинэчлэн баталсантай холбоотой Бор-Өндөр сумын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, ААН байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд 00:00 цаг болон 04:00 цаг хүртэл ажиллаж байх үед нийт 840 гомдол мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 294, зөрчлийн шинжтэй 546-г хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 21,6 хувиар өссөн байна. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 1 дахин, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 21,6%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг 78,5%, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 43,4%-аар өссөн бөгөөд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллийн 53,2% нь 22-06 цагт үйлдэгдсэн байна. Дээрх статистик мэдээллээс харахад цагийн хуваарьт өөрчлөлт орсон нь сумын нутаг дэвсгэрт хэв журмын болон эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн аюулгүй амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцөл байдал хөндөгдөж байгаа талаар Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн дарга, Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга нар мэдээлэл өглөө.

Иймд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр 22:00 цаг хүртэл, баар караоке 02:00 цаг хүртэл 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллахаар боллоо.

2025-01-07 14:25:00