Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хэрхэн хангагдсан, нөхцөл байдал ямар байгаа талаар сумын Онцгой комиссын гишүүдтэй хуралдлаа.
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” УБҮ-ээс сумын төвийн дулаан, цэвэр усны усан хангамжийн найдвартай байдлыг хангах ажлын хүрээнд шугам сүлжээ, насос, мотор, үлээгчийн засвар үйлчилгээ тохируулга бүрэн хийгдсэн эсэх болон өвлийн улиралд тасалдалгүй ажиллах бэлтгэл ажил хэрхэн хангагдсан тухай.
- Бор-Өндөр сумын “Хот тохижилт” ОНТҮГ-аас Халаалтын улиралд түлээ нүүрсний үнс, хог хаягдлыг хуваарийн дагуу татан тээвэрлэх ажлын техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан болон нийтийн эзэмшлийн орон сууцны хонгил, бохирын шугамын засвар үйлчилгээ, замын цас арилгахад шаардлагатай давс, цэвэрлэх төхөөрөмжийг бэлтгэсэн тухай.
- ХАА-н тасаг болон багийн Засаг дарга нараас ХАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт, нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, сумын өвс тэжээлийн нөөц болоод малчид, мал бүхий иргэдийн өвс тэжээлийн бэлтгэл хэрхэн хангагдсан байгаа тухай.
- Мал эмнэлгийн тасгаас Урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээ угаалга, туулгалт, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан тухай зэрэг албан даалгаврын хүрээнд мэдээлэл сонслоо.
Өвөл, хаврын цас зудын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирол багатай даван туулах зорилгоор сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийг дахин татан авч нөөцлөх, Цаг агаарын мэдээ мэдээллийг иргэд, тээвэрчид, холбогдох байгууллага тэр дундаа малчдад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд хүн хүч, техник хэрэгслийг ажиллуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга үүрэг болголоо.
Мөн Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар тус суманд зохион байгуулах Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, Гамшгаас хамгаалах дадлага сургалтын бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар холбогдох мэлээллийг авч ажиллалаа.
2024-11-04 10:00:00